Шинэхэн HOME office

Updated: Apr 19



“Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2020” жагсаалтад тавтай морил! Ажлын орчны тав тух, уур амьсгал, дотоод соёл бол байгууллагын өсөлт хөгжлийн нэг тулгуур билээ. Энэ тал дээр онцгой анхаардаг байгууллагуудыг нийтэд таниулах нь бусад газруудад үлгэр жишээ, санаа авах сурвалж болох, чадварлаг хүний нөөцийг соронздон татахад буюу хадгалахад туслах ач холбогдолтой юм. Тийм ч учраас Unread Media Улаанбаатарын хамгийн таатай оффисуудыг гурав дахь жилдээ нэрлэж буйдаа таатай байна. Бид сонгон шалгаруулалтын үйл явцыг эхлүүлэхдээ уламжлал ёсоор уншигчдынхаа дунд санал асуулга явуулж урьдчилсан жагсаалт гаргасан юм. Тэдгээрээс уншигчдаас хамгийн их санал авсан 30 гаруй оффистой биечлэн танилцаж, ажлын орчны тохижилт, байгууллагын соёл, сургалт хөгжүүлэлт гэсэн үндсэн шалгуураар эцсийн сонголтыг хийсэн билээ. Та бүхэн энэ нийтлэлээс ажилтнуудынхаа бүтээмж, сэтгэмжийг өрдсөн, хүнд ээлтэй орчныг бүрдүүлсэн таатай оффисуудтай нэг дор танилцаж, тус тусын холбоосоор дамжин оффис нэг бүртэй дэлгэрэнгүй танилцах боломжтой. Энэ удаагийн жагсаалтын хувьд, оффисууд бүрэн шинэчлэгдсэний зэрэгцээ бид видео танилцуулга нэмж, текстийг уншихад илүү сонирхолтой болгов. Мөн Монголын компани, байгууллагууд цар тахалтай уялдан гарах ажлын орчин дахь өөрчлөлтүүдийг соргог мэдрэн, ирээдүйд бэлдэж буйг анзаарсан мөн анзаарсан билээ. Ингээд “Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2020" жагсаалтаа хүргэе. Таалан сонирхоно уу! HOME BY MONRE INSURANCE


Монголын даатгалын салбарын ууган компаниудын нэг "Монре Даатгал"-ын оффис нэрнээсээ л бидний анхаарлыг татсан билээ. HOME хэмээх нэр нь эхэндээ "гэр" хэмээх энгийн агуулгыг илэрхийлэх мэт боловч гүн рүү нь орон үйл ажиллагаатай нь танилцаж үзвэл "House Of Mind Exercise" хэмээх нэрийн товчлол гэдэг нь ойлгогдоно. Гэртээ хүсдэг тав тухыг ажлын байрандаа бий болгохоор зорьж тохижуулсан тэдний шинэ оффис болоод өвөрмөц байгууллагын соёл нь уламжлалт хэв маягийг эвдэж, олон байгууллагад үлгэр жишээ болох нь дамжиггүй.

Бизнесийн нэр: House of Mind Exercise - HOME by Monre Insurance Байршил: Нарны хорооллын урд, AutoHub төвийн хоёрдугаар давхарт Үйл ажиллагааны чиглэл: Төрөлжсөн санхүүгийн үйлчилгээ Үүсгэн байгуулагдсан он: 1995 Ажилтны тоо: 4 компани, 60 ажилтан Вэб: www.monre.mn Сошиал хуудас: Монре Даатгал - Monre Insurance (Фэйсбүүк), @home.bymonre (Instagram)