top of page
ppt_background_4.jpg

“МОНРЕ ДААТГАЛ” ХХК-ийн ДААТГАЛЫН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү “Монре даатгал” ХХК /цаашид “Компани” гэх/ Даатгалын зах зээлийн ёс зүйн дүрэм /цаашид “Дүрэм” гэх/-н зорилго нь үйл ажиллагаандаа ёс зүйтэй ажиллах талаар чиглэл, зөвлөмжөөр хангах, түүний хэрэгжилтэд хяналт тавих, хариуцлага тооцохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2 Дүрэмд Даатгалын тухай хууль, Даатгалын зах зээлийн ёс зүйн дүрэм болон холбогдох бусад хууль, дүрэм, журмыг үндэслэл болгов.

1.3 Дүрмийг компанийн бүх түвшний удирдлага, нийт ажилтан дагаж мөрдөх ба харилцагч, бэлтгэн нийлүүлэгч, өрсөлдөгч

1.4 Компани нь “Даатгалын зах зээлийн ёс зүйн дүрэм”-н 2 дугаар зүйлд зааснаас гадна дараах зарчмыг удирдлага болгоно. Үүнд:

1.4.1 Бид хүнлэг, ёс зүйтэй, байгальдаа ээлтэй үйл ажиллагаа эрхэлнэ;

1.4.2 Бид хүн бүрийн эрх ашгийг эрхэмлэн, найрсаг хүндэтгэлтэй харилцааг бий болгоно;

1.4.3 Бид зөв зүйлийг зөв арга замаар хийж, хэлсэн үгэндээ эзэн байж, үүрэг хариуцлагаас зайлсхийлгүй, итгэл найдвар хүлээж ажиллана;

1.4.4 Бид ажилдаа эзний сэтгэлээр хандаж, компанийн нэр хүнд, өмч хөрөнгийг хайрлан хамгаална;

1.4.5 Бид зах зээлийн шударга зарчимд тулгуурлан харилцан биенээ дэмжиж, нөхөж ажилласнаар улам их үр дүн гаргах боломж бололцоогоо нэмэгдүүлнэ.

1.5 Дүрэмд дурдсан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:

1.5.1 “Ялгаварлан гадуурхалт” гэж нас, хүйс, арьс өнгө, шашин шүтлэг, хөрөнгө чинээ, эрүүл мэндийн байдал, бэлгийн чиг хандлага, нийгэмд эзлэх байр суурь, эцэг эхийн статус, гэрлэлтийн байдал, намын харьяалал, улс төрийн үзэл бодол, албан тушаал, эрх мэдлээр хүнийг ялгаварлан гадуурхахыг;

1.5.2 “Хүчирхийлэл” гэж хүч, эрх мэдлээр давамгайлж, бусдын дургүйцлийг хүргэх, дарамтлах, доромжлох, айлган сүрдүүлж бие болон сэтгэл санаа, бэлгийн харилцаа, эдийн засгийн хувьд хохирол учруулж буй бүх тааламжгүй үйлдлийг;

1.5.3 “Бэлгийн дарамт” гэж бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлэх, уриалан дуудах, санал болгох, өдөх, эсхүл бэлгийн харилцаанд орохоос аргагүй байдалд оруулах, бэлгийн сэдлийн улмаас ажил, албан тушаал, эд материал, сэтгэл санааны болон бусад байдлаар хохироох, үр дагавар бүхий тэвчишгүй орчныг үүсгэх, айлган сүрдүүлэх, албадан тулган шаардах байдлаар нэр төр, эрх чөлөө, хувийн халдашгүй байдалд халдах үйлдлийг;

1.5.4 “Нэр төрийг гутаан доромжлох” гэж бусдыг үзэн ядах, атаархах, өсөрхөх байдлаар нэр төрд нь халдах, бичгээр, дохио зангаагаар, зураг дүрсээр доромжлох, худал мэдээлэл тараахыг ойлгоно.

Хоёр. Ажил олгогч, ажилтны харилцаа

2.1 Компани нь хүн бүрийн эрх ашгийг эрхэмлэсэн, найрсаг хүндэтгэлтэй харилцааг бий болгох, ажилтан бүрд эрх тэгш хандах, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, дээрэлхэн сүрдүүлэлт, гүтгэлгээс ангид, аюулгүй байдалд ажиллах орчныг бүрдүүлэх зарчмын хүрээнд дараах шаардлагыг ханган ажиллана. Үүнд:

2.1.1 Дарангуйлалгүй ажлын орчныг бүрдүүлэх: Бэлгийн эсхүл доромжилсон аястай тоглоом хийх, үг яриа хэрэглэх болон бусад байдлаар дарангуйлсан үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх (доромжлох эсвэл далд санаагаар илэрхийлэх), зохисгүй дарамт шахалтаас ангид ажлын орчноор хангана;

2.1.2 Ажилтны өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх: Ажилчдыг ажлын гүйцэтгэл болон ажлын гүйцэтгэлтэй хамааралтай онцлог шинж чанаруудад нь тулгуурлан урамшуулах, боломж олгох ба холбогдох хууль, дүрэм, журмыг чандлан сахиж, эрх ашгийг нь чандлан хамгаална;

2.1.3 Ажилтны хувийн нууцыг хадгалах: ажилтны хувийн мэдээлэл болон хувийн өмчийг хүндэтгэнэ. “Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль” болон “Монре даатгал” ХХК-н “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах ерөнхий журам”-г чандлан сахина;

2.1.4 Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн шаардлага хангасан ажлын байраар хангах: ажилчид болон даатгуулагчдынхаа аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангасан барилга байшинд үйл ажиллагаа явуулахыг эрхэмлэнэ.

2.2 Ажилтан нь ёс зүйн дараах шаардлагыг ханган ажиллана. Үүнд:

2.2.1 Үндэс угсаа, нас, хүйс, шашин шүтлэг, нийгмийн гарал байдлаар ялгаварлан гадуурхах, нэр төрийг гутаан доромжлох, дээрэлхэн сүрдүүлэх, гүтгэхээс ангид байх;

2.2.2 Хэл амаар доромжлох, заналхийлэх, доог тохуу хийх, үйл хөдлөлөөр тохуурхах зэргээр ажил үүргээ хэвийн явуулахад саад тотгор, аливаа дарамт шахалт үзүүлэхгүй;

2.2.3 Бүдүүлэг зан авир гаргах, бусадтай зүй бусаар харьцах болон бусдын эрүүл мэндэд хохирол учруулахгүй;

2.2.4 Ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхгүй, худалдан борлуулахгүй;

2.2.5 Аливаа хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэхгүй;

2.2.6 Бодит бус мэдээлэлд автахгүй;

2.2.7 Албан тушаал, эрх мэдлийн хэмжээгээр бусдыг ялгаварлахгүй.

Гурав. Хуулийн хүрээнд ажиллах

3.1 Авлига, хээл хахуулийн эсрэг дараах шаардлагыг ханган ажиллана. Үүнд:

3.1.1 Компанийн ажилтан, төлөөлөгч, бие даасан гэрээт компани бизнесийн ашиг хонжоо, бизнесийн үйл ажиллагаанд ашигтай байдал авчрахын тулд бусдад хахууль өгөх, өндөр үнийн дүн бүхий ёс зүйгүй бэлэг сэлт өгөхийг хориглоно.

3.1.2 Бизнесийн харилцаагаа өргөжүүлэхээр аль нэг ажилтан нь бэлэг дурсгал өгөх эсвэл хүлээн авах тохиолдол байж болох бөгөөд бэлэг дурсгал хүлээн авах, өгөх үйл ажиллагаа нь компанийн эрх ашгийн төлөө байна;

3.1.3 Ажил үүрэг гүйцэтгэхтэй холбоотойгоор бусад ажилтан болон гуравдагч талаас хахууль авах зорилгоор тэдэнд хууль бус үйлдэл хийх дарамт шахалт үзүүлэхгүй.

3.2 Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх сэргийлэх хүрээнд дараах шаардлагыг ханган ажиллана. Үүнд:

3.2.1 Компанийн үйл ажиллагааны бүхий л түвшинд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс зайлсхийнэ;

3.2.2 “Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль” болон бусад холбогдох хууль дүрэм, журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллана;

3.2.3 Харилцагчаа тодорхойлох, харилцагчийн үйлдлийг хянах, сэжиг бүхий эсхүл харилцагчийн сэжигтэй гүйлгээг хууль, дүрмийн дагуу мэдүүлэх үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлнэ.

3.3 Худал мэдээ, мэдээлэл өгөхөөс урьдчилан сэргийлэх хүрээнд дараах шаардлагыг ханган ажиллана. Үүнд:

3.3.1 Зөвхөн зөвшөөрөгдсөн ажилтан Компанийн нэрийн өмнөөс нийтэд мэдээ, мэдээлэл, сурвалжилга өгөх эрхтэй бөгөөд өгч буй мэдээлэл нь бүрэн гүйцэд, шударга, үнэн зөв, цаг үедээ тохирсон, ойлгомжтой байна.

Дөрөв. Харилцагч, өрсөлдөгч, бэлтгэн нийлүүлэгчтэй харилцах

4.1 Даатгуулагчдын эрх, ашгийг хүндэтгэх хүрээнд дараах шаардлагыг хангаж ажиллана. Үүнд:

4.1.1 Даатгуулагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгоно.

4.1.2 Үнэн, зөв бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллээр хангана;

4.1.3 Хууль ёсны эрхтэйгээс бусад этгээдэд даатгуулагчийн хувийн мэдээллийг задруулж итгэлийг нь алдахгүй.

4.2 Шударга өрсөлдөөнийг дэмжин ажиллах хүрээнд дараах шаардлагыг ханган ажиллана. Үүнд:

4.2.1 Хууль ёсны, ёс зүйтэй бизнесийн үйл ажиллагаагаар өрсөлдөөнд давуу байдал олохыг эрхэмлэнэ;

4.2.2 Өрсөлдөгчдийн мэдээллийг зөвхөн хууль ёсны дагуу зөв аргаар, шударга үнэнч зарчмыг баримтлах байдлаар цуглуулна;

4.2.3 Хууль болон холбогдох зохицуулалтын журмаар хориглосон бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд санал болгохдоо өөртөө давуу байдал бий болгох, даатгуулагчийн худалдан авалтын шийдвэр гаргалтад нөлөөлөхүйц урамшуулал, бэлгийг өгөхгүй байх;

4.2.4 Өрсөлдөгчийн эсрэг хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй байх;

4.2.5 Өрсөлдөгчийн талаарх мэдээллийг хууль бус арга замаар олж авахгүй байх;

4.2.6 Харилцагч нартаа өөрийн өрсөлдөгч байгууллагуудад шударга бусаар хандахыг зааварлахгүй байх.

4.3 Монополийн эсрэг дараах шаардлагыг ханган ажилланна. Үүнд

4.3.1 Компани нь шударга бас хүчтэй өрсөлдөхийг эрмэлзэнэ. Өөрийн бизнесийг зүй бус, шударга бус өрсөлдөөний аргаар бус мэргэжлийн ур чадвар, шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээгээр өргөжүүлж, бэхжүүлэхийг зорино.

4.4 Ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх хүрээнд дараах шаардлагыг ханган ажиллана. Үүнд:

4.4.1 Даатгуулагч, төлөөлөгч эсхүл өрсөлдөгчдөд хөрөнгө оруулалт хийх эсхүл эдгээрт давхар ажил хийх гэх мэтчилэн хувь хүний үйлдэл хэрхэн ашиг сонирхлын зөрчилд хүргэж болзошгүй вэ гэдгийг байнга санаж ажиллана;

4.4.2 Үйл ажиллагаа эрхлэхдээ гэр бүлийн гишүүд, төрөл садан, най нөхөд, бусад этгээдийн нөлөөнд авах, давуу эрх олгохыг хориглоно;

4.4.3 Аливаа хувь хүн, байгууллагын эрх ашигт нийцүүлэн Монгол улсын хууль тогтоомж, дүрэм, журам, дотоод хэм хэмжээг зөрчсөн үйл ажиллагаа явуулах, ажилтнуудад хүсэлт тавих, шаардах, ямар нэгэн арга хэлбэрээр дарамж шахалт үзүүлэхийг хориглоно.

4.5 Харилцагч байгууллага, бэлтгэн нийлүүлэгчидтэй харилцахад дараах шаардлагыг ханган ажиллана. Үүнд:

4.5.1 Харилцагч байгууллага, бэлтгэн нийлүүлэгч нарт ижил тэгш боломж, бололцоо олгоно;

4.5.2 Худалдан авалт, сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг холбогдох журам, зааврын хүрээнд шударга байх зарчмыг баримтлан явуулна;

4.5.3 Харилцагчийн бизнесийн нууцыг бусдад задруулахгүй.

Тав. Удирдлагатай харилцах

5.1 Үнэн зөв тайлан: Үнэн зөв, худал мэдээлэл агуулаагүй санхүүгийн тайланг хүргүүлнэ.

5.2 Нууц мэдээллээ хадгалах: Бусдын мэдээлэлд зөвшөөрөлгүйгээр нэвтрэхгүй, мэдээллийн аюулгүй байдлыг хангах тогтолцоог бүрдүүлэн ажиллан байгууллагын нууцыг бүхий л түвшинд хамгаална.

5.3 Компанийн оюуны өмч болон өмч хөрөнгөтэй харьцах хүрээнд дараах шаардлагыг ханган ажиллана. Үүнд:

5.3.1 Оюуны өмчийг хэзээ ч зүй бусаар ашиглахгүй бөгөөд оюуны өмчийг хамгаалахын тулд патент, худалдааны тэмдэг, зохиогчийн зүй ёсоор авна;

5.3.2 Ажилтан бүр компанийн өмч хөрөнгийг ариг гамтай хэрэглэж эвдэрч гэмтэх, алдагдах, үрэгдэх болон гэмт хэргийн шинжтэй үйлдэлд өртөхөөс хамгаалж байх үүрэгтэй;

5.3.3 Компанийн оюуны өмч, эд хөрөнгө, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг зөвхөн албан хэрэгцээнд ашиглана;

5.3.4 Компанийн өмч хөрөнгө болон бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүй авч ашиглах, эвдэн сүйтгэх, устгах, худалдан борлуулахгүй;

5.3.5 Компанийн хөрөнгийг өөрийн эрх ашгийн төлөө эсхүл санхүүгийн ашиг олох зорилгоор ашиглахгүй;

5.3.6 Компанийн оюуны өмчийг хувийн үйл ажиллагаандаа ашиглахгүй.

Зургаа. Мэдээллийн аюулгүй байдал, байгууллагын болон хувь хүний нууц

6.1 Компанийн хэмжээнд “Монре даатгал” ХХК-н “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах ерөнхий журам”-г мөрдөж ажиллана

Долоо. Зөрчил мэдээлэх, шийдвэрлэх

7.1 Дүрмийг зөрчсөн бүхий л тохиолдлыг мэдээлэх, шийдвэрлэх үйл ажиллагааг “Монре даатгал” ХХК-н н дагуу зохицуулна.

Найм. Хяналт, хариуцлага

8.1 Энэхүү дүрмийн хэрэгжилтэд Үйл ажиллагааны газрын захирал болон Андеррайтинг хариуцсан дэд захирал хяналт тавьж ажиллана.

8.2 Ёс зүйн зөрчил үйлдсэн этгээдэд зөрчлийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм буруугийн хэлбэрээс хамааран “Монре даатгал” ХХК-н “Зөрчил шийдвэрлэх журам”-н дагуу сахилгын шийтгэл ногдуулж болно.

8.3 Ёс зүйн зөрчил нь гэмт хэргийн болон авлигын шинжтэй бол холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүлнэ.

8.4 Дүрэмд Гүйцэтгэх удирдлага гарын үсэг зурж, тамга дарснаар хүчин төгөлдөр болно.

bottom of page