Select Page

Манай хамт олон Ниссан дээд лигийн Этүгэн Ирвэсүүд багийн гэнэтийн ослын даатгалыг хийж бүтэн нэг улирлын хугацааг хамт амжилттай дуусгалаа.

2017 оны мэргэжлийн ниссан дээд лиг 5 сар үргэлжилсэний эцэст амжилттай өндөрлөж аварга баг тодорлоо. Этүгэн Ирвэсүүд клуб эхний жилдээ лигт тоглож байгаа залуу бүрэлдэхүүнтэй Rookie статустай баг юм. Улирлыг 8 хожил 5 хожигдолтойгоор дуусгаж плэйоффд 3-р байраар шалгарч улмаар эхний шатанд Дархан Гарьд багтай таарсан. Гал гарсан галзуу цувралд 7 тоглолт гарч Ирвэсүүд буулгаж авсанаар аваргын цомын төлөө хүчирхэг Хүлэгүүдтэй таарсан. Сагсан бөмбөг сонирхогч, үзэгчид финалыг 4:0-ээр СБЛ шүүрдэнэ гэж ам бардам ярьж байсан ч Ирвэсүүд өрсөлдөж чадна гэдгээ хөгжөөн дэмжигч, үзэгчдэд хангалттай харуулсан болов уу. СБЛ 4:2-н харьцаатайгаар Ирвэсүүдийг ялж 2017 оны лигийн аварга баг болсон юм. Хүлэгүүдээс ОУХМ Б.Батжавхлан анхны аваргын цомоо өргөж нүдэндээ баярын нулимстай байсныг дурдах нь зүйтэй. Цувралыг 3:2-р Хүлэгүүд тэргүүлж байсан бөгөөд 6 дах тоглолтонд Ирвэсүүд хожигдох эрхгүй байсан. Гэсэн ч СБЛ цувралыг эрт дуусгахаар эрч хүчтэй тоглолтыг эхлүүлж эхний хагаст 21 онооны давуу байдал үүсгэж чадсан. Энэ үед тоглолтын уур амьсгал, санаачлага СБЛ-н талд бүрэн шилжсэн байв. Харин хоёрдугаар хагаст Ирвэсүүд илүү нямбай хамгаалж, өрсөлдөгч багийн 3×2-н хамгаалалтыг эвдэж довтолгоонд гайхалтай тоглолт гаргаснаар 3-р үед 14 оноо илүү авсанаар ердөө 7 онооны зөрүүтэй болж ойртсон. Харин шийдвэрлэх 4-р үед Ирвэсүүдийн хослон тоглолт болон будагтай талбайн оноо авалт сайн байснаар онооны зөрүү ердөө 2 болж ойртсон юм. Хашир туршлагатай Хүлэгүүд энэ үед өөрсдийн хийх ёстой ажлаа хийж эцсийн шүгэл дугартал онооны давуугаа алдахгүй явсаар хожил байгуулж лигийн аваргын цом өргөсөг билээ. Тус тоглолтонд Ирвэсүүдээс Уэст, Барнс, Мушу нар 20-с дээш оноо авсан бөгөөд Эйжи Уэст 28 оноо 20 самбараас бөмбөг авалтаар дабл дабл хийж финалын дээд амжилтыг шинэчлэсэн байна.

Ниссан дээд лигийн дэд байр эзэлсэн Этүгэн Ирвэсүүд багийнхандаа илүү их амжилт хүсэе.